Slide background
Slide background
Slide background

Домог хууч яриа

Untitled-1 ЦЭЦЭРЛЭГ СУМ ДОМОГ ХУУЧ ЯРИА 1.Зая бандида гэгээн Халхын анхны Зая гэгээн Лувсанпэрэнлэйн мэндэлсэн нутаг, унасан газар, угаасан ус нь Архангай аймаг, Цэцэрлэг сумын нутаг хужиртын рашаан юм. Энэ тухай домог яриа, бодит байдлаас товчхон өгүүлэх нь: Төвхөн хийдийн гол шүтээн нь Дамдинчойжоо бурхан, Тэргүүн хамба нь Гэргэм багш гэдэг өндөр настай, цагаан үстэй,шар царайтай, тарганг том хүн байв. 1930-аад онд энх тунх байсан энэ хүн Төвхөн хийдийг барьж байгуулсан хүн юм гэдэг. Тэр Халхын Y Зая гэгээнтэй хамт Төвдөд олон жил суралцаж, ном эрдмийн их мэдлэг эзэмшсэн номч мэргэн хүн байв. Y Зая гэгээний зөвлөснөөр Лувсанпэрэнлэйн төрсөн дурсгалт газар 270 жилийн хойно 1900-1910 онд Төвхөн хийдийн сүм суваргыг бүтээн босгожээ. Хийдийн суварган жас сүмийг анхдугаар Зая гэгээн Лувсанпэрэнлэйн мэндэлсэн газар дээр барьсан гэж нутгийн сүжигтэн олон ихэд шүтэж хүндэтгэж байлаа. Энэ сүмийн суурийн шалны доорхи элс, шорооноос мөргөлчид бага жижгээр аваад шөнө нохой хуцах, чоно улих, элдэв шувуу дуугарах, адуу мал хээр хоноход цацах, жирэмсэн хүн амаржихын өмнө шороог буцалгаж уух зэргээр тахиж шүтэж байсан уламжлал одоо ч байдаг юм. С.Лувсанпэрэнлэйг төрснөөс 3 хоногийн дараа нэгэн булаг ус оргилон гарсан нь рашаан байж, 60 гаруй төрлийн өвчинд тохирдог, хүйтэн боловч халуун чанартай, мэдрэл ядаргаанд хамгийн сайн нөлөөлдөг гэдэг юм. Одоо жил бүр 1000 гаруй хүн ирж амарч, рашаан эмчилгээ хийлгэдэг байна. Рашаан уусан, боргионд орсон хүмүүс буцахын өмнө хөлийн нууранд ордог, мөн “гүзээ” нуур нэртэй хойт нууранд заавал орж бие засаад буцдаг ёс журамтай байсан юм. Гүзээ нуур нь хамуу мэт арьсны өвчинд илүү сайн гэдэг. Халхын анхдугаар Зая гэгээний мэндэлсэн 355 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд 1997 онд төрсөн газар нь дурсгалын сүм байгуулсан байна.Энэ ажилд Цэцэрлэг, Эрдэнэмандал сумын зарим сүжигтэн хүмүүсийн санаачлага, Цэцэрлэг сумын Засаг даргын зөвлөлөөс байгуулсан комисс идэвхтэй ажиллаж, нутгийн сайн санаат хүмүүсийн хөрөнгө хөдөлмөрөөр Хутагтын төрсөн газар нь Мухар хужиртын рашааны дэргэд нэгэн жижиг” Мөргөлийн сүм”- барьжээ. 2.ДАРБА БАНДИДА ГЭГЭЭНТНИЙ YI ДҮР Мэргэн гүний нутаг /одоогийн Цэцэрлэг сум/ 1870 оны 4-р сарын 15-нд ганц бие, хамгийн ядуу бүсгүйгээс мэндэлсэн хүү Дамдинсүрэн нэр авч өвөг, эцгийн гар дээр өсчээ. Өлгийтэй нялх хүүг харангадах шахаж байхад нь нутгийн нэгэн эмгэн “эвий хүний үр хөөрхий дөө…” хэмээх ам руу сүү дусаасан юм санжээ. Тэгтэл хүү гэнэт “Надад нэг эмээ сүү өгөөд…” хэмээн хэлж шууд хэлд орсон гэдэг. Ядуу өвгөн аав нь хүүг үүрээд айл хэсэн сүү тараг олж өгөхөөр явж байтал хүү “Өвөө! Намайг Дарби бандид гээч” гэхэд өвөө нь “Чи бид хоёр тийм том хүний нэрийг яаж авч болохов , алдас болно” гэв. Шарын шашин дэлгэрч байсан тэр цагт одоогийн Чулуут багийн Чулуут голын эрэгт нэгэн жижиг дацан байгуулагдаж “Бухын хүрээ” хэмээн нэршив. Тэнд үе үеийн гэгээнтнүүдийн хойд дүрийг тодруулан залж байсан аж. Хүүг таван настай байхад Дарба бандид гэгээнтний хойд дүрээр тодруулахаар болж хүмүүс очиход өвгөн ихэд сандарч “Та бүхэн айл андуурсан байна. Суулгах ширдэг байхгүй, амсуулах идээ байхгүй, өтгө шороон дундах ийм хүүхэд яаж гэгээнтэн байхав” гэжээ. Харин хүү нь хүмүүсийн авчирсан хувцсыг хараад “Миний хувцас мөн байна. Харин эрхийг минь мартчихсан байх юм” гэж дүр тодруулахаар ирсэн хүмүүсийг сандаргасан гэдэг домог яриа бий. Энэтхэг, Төвдөд бурханчлагдан тахигдаж байсан том лам Дарба бандид хувилгааны зургадугаар дүрээр Дамдинсүрэн хүү тодорчээ. Багаасаа бурхны сургаал, гүн ухаанд гаргуу суралцан, шашны сургаал, ёс журмыг номлосон зохиолуудаа бичив. Бухын хүрээний сүүлчийн Дарба бандида гэгээнтэн Агваанчойнжордондов 1923 онд “Ариун номын ёс”,” Ард түмний ариун ёс оршвой” сургаалын судар туурвисныг Судар бичгийн хүрээлэнгээс хэвлүүлж нийтийн хүртээл болгосон байдаг. 3.БУХ ЧУЛУУ: Эрт цагт тэр нутгийн уул толгодын хооронд байдаг тэнүүн талаар жаран бух бэлчээрлэн явж байтал тэдний замд аварга том могой гарч ирж тэр хавийн хүн малыг залгиж гай гамшиг тарьж байжээ. Гэтэл тэр жаран бух дараалан нөгөө аварга могойг гишгэсэн ч хүчирсэнгүй. Сүүлчийн жар дахь бух аварга могойг газартай тэгшлэн дарж хэвтээд өөрөө чулуун бух болсон домогтой. Чулуут багийнхан уг бух чулууг” Бух хайрхан” хэмээх тахиж шүтсээр иржээ. Чулуун бухны толгой нь Хотгойдын нутаг руу буюу хойд зүг руу харж хэвтсэн мэт тогтоцтой болохоор Хөвсгөл нутгийн үхэр сүрэг их өсдөг хэмээн билэгшээх нь бий. 4.ЗУСЛАНГИЙН ГОЛ: Цэцэрлэг, Жаргалант хоёр сумын нутаг дамжин урсдаг Зуслангийн гол эрт урьдын цагт Гаслангийн гол нэртэй байв. Тэр голын саваар мэдэх мэдэхгүй элдэв өвчин дэлгэрч хүмүүс гай гасланд нэрвэгдэж байжээ. Бурхан тэнгэрийн ерөөл тавилангаар Зая гэгээн Лувсанпэрэнлэйг мэндлэхэд эхсийг нь ургах наран зүг хандсан эрэгт байршуулсны дараахан тэндээс их дуу чимээ гаран газар хагарч, солонгорсон ус тэнгэрт цацран оргилсноор одоогийн Мухар хужиртын рашаан анх дэлгэрчээ. Өвчин зовлонд нэрвэгдсэн олон хүн уг рашаанаас хүртснээр өвчин зовлонгоос ангижран амар амгалантай учирсан гэдэг. Түүнээс хойш тэр нутаг голынхон жил бүрийн зун цэгт айлсан зусацгааж, өвчин зовлонгүй түвшин амгалан аж төрж, мөнөөх Галсангийн гол нь Зуслангийн гол нэртэй болсон гэнэ. 5.ХОНГОРЖ: Цэцэрлэг сумын зүүн урд талыг эзлэн эргэн тойрон уул толгодоор хүрээлэгдсэн хангай нутагт баймгүй сонин тогтоцтой өргөн тал байдаг. Түүнийг Хонгоржийн тал гэнэ. Дээр үед зээр олонтой байжээ. “Бэлчиж яваа зээрийг харахад газар нь нүүж хөдлөөд байгаа юм шиг байдагсан” гэж нутгийн хөгшчүүл хуучилдаг байв. 1970-аад оны үед байгалийн шалгарлаар үлдсэн хэдэн зээр нь алга болсон гэнэ. Алсаас харахад тэгшхэн юм шиг атлаа туулж гатлахад тун адармаатай хонхор гүдгэртэй галт уулын хүрмэн чулуутай учир түүнийг нутгийн адуу л туулж гарч чаддаг байна. Дээр үед 1.75-5.3 сая жилийн өмнө “ Хар тогоо толгой” оос оргисон галт уулын хайлмал энэ талыг бүрхсэн болохыг геологчид тогтоожээ. Хар тогоо толгой нутгийн хуучуул луу ичдэг толгой гэж нэрлэдэг байжээ. Нутгийн малчид “Хонгоржийн талд бэлчсэн адуу малаа Хар толгойд гарч дуранддаг аж. Тэндхийн нэгэн малчин 2002 оны 10-р сарын дундуур адуугаа дундахаар Хар толгойд гараад сууж байтал морь үргэх шиг сортолзоход ойр орчноо ажиглавал толгойн оройн 30-40 см орчим нүхнээс бүлэн уур савсаж байхыг харжээ. Тэр цагаас гадаад дотоодын эрдэмтэд, судлаачдын сонорт хүрч анхаарал татсан үзэгдэл болов. Хонгоржийн талын хойморт орой, араараа модтой сүрлэг сайхан уул байх агаад түүнийг Өвгөн хонгорж гэж нэрлэнэ. Оройд нь байх овоог өвөг дээдэс эрт дээр үеэс тахин шүтсээр иржээ. Овооны хэлбэр зохиомж нь нэн өвөрмөц бөгөөд доод суурьт нь тэнхлэг татсан байгаа нь хаана ч тааралддаггүй өвөрмөц. Овооноос баруун урагш байх хад цохионд хүрлийн үеийн малчид, анчдын ахуйн амьдарлыг сэдэвлэн буулгасан сүг зураг нэн элбэг. Эзэн Чингис их цэргийнхээ хамт Хонгоржид хоноглосон тухай домог хууч яригддаг.

Сумын Засаг даргын тамгын газар